Monday, August 24, 2009

Дагуурын Шинэс Нөхөрлөл 3-р байранд шалгарлаа

Дагуурын Шинэс Нөхөрлөл 3-р байранд шалгарлаа

Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоотой хамтран 2006 оноос холбооны гишүүд нөхөрлөлүүдийн ур чадвар, дотоод нөөцийг бэхжүүлэхээр цуврал сургалт, уулзалт ярилцлагуудыг зохион байгуулсан билээ. Үүний нэг үр дүн болох Дагуурын Шинэс нөхөрлөл өнгөрсөн 6-р сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн Удирдлагын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зарласан "Монгол улсын Тусгай Хамгаалалтай газар нутагт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны ШИЛДЭГ ТУРШЛАГА" уралдаанд 3-р байранд шалгарсан байна.


Дагуурын Шинэс нөхөрлөл нь 2003 онд байгууллагдсан 10 өрхийн 45 хүний бүрэлдэхүүнтэй, ахлагчаар нь Б. Дамдиндорж ажилладаг. Сумын засаг даргатайгаа 10000 га газрыг хамгаалахаар гэрээ хийсэн. Байгаль хамгаалах үйл ажиллагаа нь:
  • Үлийн цагаан оготнотой тэмцэхээр биологийн арга (талын бүргэд, шонхор г.м махчин шувуудад суух үүр) хэрэглэн оготны тоо толгой багассан
  • Тарвага хамгаалах, түүний тоо, толгойн мониторинг өрх бүр хийх
  • Тухайн газар нутагтай байгаль орчин, зэрлэг амьтдыг хамгаалах тухай танилцуулах, сурталчилгааны самбар байгуулах
  • Усны эх үүсвэр, булаг шандыг хамгаалах
  • Хуурайшил ихтэй үед түймрийн эргүүл хийх
зэрэг байгаль хамгаалах үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөтэй ажилладаг байна.